Холбогдох: 70112857
Бямба, Ням гарагт амарна.
2026-10-26

Цус сэлбэлтийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн мэргэжлийн баг 2026 оны 10 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд төвийн Нэгдсэн лабораторийн албаны дарга М.Цэрэндэжид, Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн албаны дарга Б.Оргил,  Мэдээллийн технологийн ахлах инженер Ч.Далайцэрэн, тоног төхөөрөмжийн ахлах инженер Н.Давааням нарын багийн бүрэлдэхүүнтэйгээр Хөвсгөл аймагт ажиллалаа.

Энэ хугацаанд аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн Цусны салбар төвтэй хамтран “Цусны аюулгүй байдал, зохистой хэрэглээг хэвшүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж, аймаг, сумдын 150 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнийг хамрууллаа.

Сургалтаар цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй, зохистой хэрэглээ, хадгалалт, тээвэрлэлт, цус сэлбэлтийн өмнө хийгдэх шинжилгээ, сэлбэх үеийн аюулгүй ажиллагаа, цус сэлбэлттэй холбоотой урвал, хүндрэлээс урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үед авах арга хэмжээний талаар онол, дадлага хосолсон мэдээллийг өглөө.

Мөн 10 дугаар сарын 22-ны өдөр мэргэжлийн баг Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Цусны салбар төвийн үйл ажиллагаа болон эмнэлгийн тасаг, нэгжүүд дэх цус сэлбэлтийн тусламж, үйлчилгээний хэрэгжилтэд дэмжлэгт хяналт, үнэлгээ хийж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө.

Энэхүү сургалт, дэмжлэгт хяналт, үнэлгээ нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх, цус сэлбэлтийн тусламж, үйлчилгээтэй холбоотой тушаал, заавар, журмын хэрэгжилтийг сайжруулах, үнэлгээгээр илэрсэн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн санал, зөвлөмж өгөх замаар Хөвсгөл аймгийн хэмжээнд цус сэлбэлтийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хүртээмжийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.