
Дэлхийн чанарын өдрийг жил бүрийн 11 дүгээр сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гарагт тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү өдрийг НҮБ-ын дэмжлэгтэйгээр Европын чанарын байгууллага, Японы инженер, эрдэмтдийн холбоо, Америкийн чанарын хяналтын нийгэмлэг, Латин Америкийн орнуудын чанарын байгууллагууд хамтран санаачилж, 1989 оноос эхлэн дэлхий нийтээр тэмдэглэж ирсэн.
Монгол Улсад 2008 оноос эхлэн Дэлхийн чанарын өдөр, Үндэсний чанарын долоо хоногийг тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жил 18 дахь жилдээ “Quality: Powering Performance” буюу “Чанар бол амжилтын хөдөлгөгч хүч” уриан дор зохион байгуулж байна.
Энэхүү өдрийг тохиолдуулан Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ажилтнуудын чанарын удирдлагын тогтолцооны талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг сайжруулахад чиглэсэн санал, санаачилга, идэвх оролцоог дэмжих зорилгоор өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгийг Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал Б.Нарантуяа нээж, Дэлхийн чанарын өдрийн ач холбогдол, байгууллагын үйл ажиллагаанд чанар, аюулгүй байдлыг эрхэмлэхийн чухлыг онцлон тэмдэглэлээ.
Өдөрлөгийн хүрээнд Ёс зүйн салбар хорооны дарга М.Цэрэндэжид “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм” болон төвийн дотоод журмын ёс зүйтэй холбоотой заалтуудын талаар мэдээлэл өгч, ажилтнуудын ёс зүй, мэргэжлийн хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарах асуудлуудыг танилцууллаа.
Мөн Аюулгүй байдал, эрсдэл хариуцсан менежер Э.Ганбаяр аюул, эрсдэл, тохиолдлыг мэдээлэх, бүртгэх, дүн шинжилгээ хийх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үйл явцын талаар мэдээлэл хүргэж, чанар, аюулгүй байдлыг хангахад ажилтан бүрийн оролцоо, үүрэг хариуцлага чухал болохыг онцоллоо

Түүнчлэн ажилтнуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх, сургалтаар олж авсан мэдлэгийг бататгах зорилгоор хөгжөөнт тэмцээн зохион байгуулж, амжилттай оролцсон ажилтнуудыг шалгаруулан шагнаж урамшууллаа.
Тус өдөрлөг нь ажилтан бүрийн өдөр тутмын үйл ажиллагаанд чанар, аюулгүй байдлыг эрхэмлэх хандлагыг төлөвшүүлэх, болзошгүй эрсдэлийг эрт илрүүлж, мэдээлэх дадлыг хэвшүүлэх, хамтын оролцоонд тулгуурласан чанар, аюулгүй байдлын соёлыг бэхжүүлэхэд чиглэсэн үр өгөөжтэй арга хэмжээ боллоо.
