
Эрүүл мэндийн салбарын гамшгаас хамгаалах команд штабын сургуулилтад Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн мэргэжлийн анги энэ сарын 13–15-ны өдрүүдэд амжилттай оролцож, гамшгийн үеийн цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж, бэлэн байдлыг хангах чиглэлээр үүрэг гүйцэтгэлээ.
Сургуулилтын хүрээнд тус төв мэргэжлийн ангийн штаб байгуулан, өгөгдсөн нөхцөл байдалд шуурхай үнэлгээ хийх, гамшгийн үеийн удирдлага, зохион байгуулалтыг хэрэгжүүлэх, шаардлагатай хариу арга хэмжээг богино хугацаанд зохион байгуулах дадлага сургуулилтыг амжилттай хийж гүйцэтгэлээ. Мөн тус төвийн хөдөлгөөнт цус цуглуулах баг хээрийн дадлага сургуулилтад оролцон, гамшиг ослын үед цус, цусан бүтээгдэхүүний тасралтгүй хангамжийг зохион байгуулах чадавхаа бататган ажиллав.

Цус сэлбэлт судлалын үндэсний төв нь гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой нөхцөл байдлын үед аюулгүй цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийг тасралтгүй хангах чиг үүргийн хүрээнд бэлэн байдлаа тогтмол нэмэгдүүлэн ажиллаж байна.
